Tuesday, April 14, 2015

Ходоод хогийн сав биш

НЭВТ: Ходоод хогийн сав биш...
/хөгжим /
/ шум-дэлгүүрт явж буй хүмүүсийн чимээ /
/Хальс -1/
Сурв: Та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний найрлагыг хэрхэн анхаардаг вэ?
Иргэн-1: Сүүлийн жилүүдэд их анхаарч, хардаг болсон шүү...
Иргэн 2: Ер нь анзаардаггүй шүү дээ...
Иргэн 3: Үйлдвэрлэсэн он сарыг нь л хардаг...
/хөгжим/
 /анхааруулах дохио 3 удаа өгөх/

Хөтлөгч: Эрхэм сонсогч та, GMO буюу GENETICALLY MODIFIED ORGANISM буюу ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН-ий талаар сонссон байх. Гэхдээ ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний биеийн дархлаа суларч, бодисын солилцоо устаж, улмаар хорт хавдар үүсэх аюултайг мэдэх үү?
            Олон улсын эрдэмтэд амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллож судалгаа хийсний үр дүнд юу илэрсэн гэж та бодож байна?
Дархлааны систем нь суларч, эрүүл төл гаргах чадваргүй болсон. Энэ бол аймшиг... Тиймээс генийн өөрчлөлттэй хүнс орчин үеийн хамгийн аюултай зэвсгээр тооцогдож байна. Энэ нь улс орны хүнсний  аюулгүй байдалд халдаж, хүн амын удмын санд нөлөөлж байдаг болохыг судлаачид онцоллоо.
Иймээс бид энэ нэвтрүүлгээрээ генийн өөрчлөлттэй хүнс, бас “E тэмдэгтийн талаар онцолж “Ходоод хогийн сав биш”  нэвтрүүлгээ сонсогч танд хүргэж байна.
/ хөгжим /
Хөтлөгч: Сонсогч та яг одоо идэж байгаа, ууж байгаа  зүйлийнхээ найрлагыг тогтоож нэг хар даа!  Урдаа “E”  үсэг бичсэн хэдэн тоо байна? Эдгээр “E үсэгтэй тоо тус бүр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Яг одоо хөтлөгч миний гарт найрлагандаа 5 ширхэг “E тэмдэглэгээтэй монголд үйлдвэрлэсэн, бидний уух дуртай ундаа байна. Гэхдээ энэ удаа тус ундааны нэрийг нууцалъя...
            Энэ “E” кодтой хүнсний нэмэлт бодисууд нь химийн аргаар гаргаж авдаг, хүний биед сөрөг нөлөөтэй бодис. Гэвч бидний сонгох дуртай гоё, чамин баглаа боодолтой, олон хүнс ямар хор хөнөөлтэйг тэр бүр мэддэггүй.
/ таслал /
Хөтлөгч: Сонсогч таны энхрий үрсийн идэх дуртай кремтэй мөхөөлдөсны баглаан дээр E100-E199 гэсэн код байгаа юм биш биз, анхаараарай! Энэ нь бүтээгдэхүүнийг өнгө оруулах, өнгийг сэргээж байгалийн өнгийг далдлах зорилготой гэнэ шүү.
Та болон таны хайртай дотны хэн нэгний гэдэс дотор хямарсан бол идэж буй хүнсний бүтээгдэхүүн дээр  нь E200-E299 код байгаа үгүйг нягтлаж харж байгаарай. Хэрэв байгаа бол  бүтээгдэхүүний хадгалалтын хугацаанд асуудал гарсан байна шүү.  
Харин E300-E399 код нь бүтээгдэхүүнийг исэлдэх, гашлахаас хамгаалдаг. E400-E499 код нь бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалдаг бол E600-E699 код нь амт үнэрийг сайжруулдаг. Тиймээс сонсогч та бүтээгдэхүүний найрлагыг дахин, дахин харж шалгаж байгаарай.
/ хөгжим /
/ шум-хүмүүсийн чимээ /
/Хальс-2/
Хөтлөгч: Өдөрт хэдэн ширхэг бохь ямар хугацаагаар хэрэглэдэг вэ?
Иргэн-1: Хоол идэж дуусаад л зажилдаг. Хаях хүртлээ л хэрэглэдэг...
Иргэн-2: Уйдахаараа хэрэглэдэг. Ер нь байвал зажилаад л байдаг...
Иргэн-3: Өдөр бүр хэрэглэдэг. Хоолоо шингээхийн тулд...
Хөтлөгч: Бид бохь зажилж яваа иргэдийн яриаг сонслоо. Бохинд маш их хүнсний нэмэлт орсон байдаг гэвэл та үнэмших үү?! Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр байдаг хүнсний нэмэлтийн “E тэмдэглэл бохин дээр ихэвчлэн байдаггүй юм байна. Энэ нь нэмэлт байхгүй гэсэн үг биш. Үйлдвэрлэгчид  хэрэглэгч биднийг хуурч байгаа нэг хэлбэр юм. Бохийг гаднаас нь харахад гялалзсан маш сайхан өнгөтэй харагддаг шүү дээ! Тэгвэл Е900-Е999 код буюу гялалзуулагч бодисыг ихээр хэрэглэсэн байдаг гэнэ шүү. 
            Бохинд дуртай хүмүүс ходоодны улайлт, шархлаа, харшилтай болох өндөр магадлалтай байдаг гэнэ. Гэтэл бид өдөрт дунджаар 1-3 ширхэг бохь хэрэглэдэг. Судлаачид хүн өдөрт 10-15 минут бохь зажлахыг зохимжтой гэж үздэг. Харин хэтрүүлэн хэрэглэвэл эрүүний үений ачаалал нэмэгдэж, үенд өөрчлөлт ордог байна. Тиймээс бохийг хэрэглэхдээ найрлага орцыг сайн ажиглаж, зохистой хэмжээгээр хэрэглэж байгаарай.
Бидний өдөр тутамд өргөнөөр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн бүгд л нэмэлт зүйл агуулсан байна шүү дээ! Алийг нь хэрэглэж, алийг нь орхих юм бэ гэж та бодож байгаа бол анхаарлаа нааш хандуулна уу...
/ таслал /
            Хөтлөгч: 100% натурал органик гэсэн бичиггүй л бол хиймэл амт оруулагчтай гэсэн үг. Тухайлбал АНУ-д  “100% органик” гэвэл бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүн, харин “органик” гэсэн бичигтэй байвал 95% буюу түүнээс дээш органик орцтой байна гэсэн тэмдэглэгээ байдаг байна. Тэгвэл манай улсад хүнсний аюулгүй байдал, “E” тэмдэглэгээний талаар ямар байр суурьтай байдаг талаар  хоол тэжээл судлаач Чимэд-ийн яриаг сонсоё.
/ХАЛЬС/ Хөтлөгч: Бүтээгдэхүүний найрлага буюу шошгонд ямар мэдээлэл байх ёстой вэ?
Зочин: Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх нь чухал. Хэрэглэгч өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгохдоо бүтээгдэхүүний найрлаганд орсон калорын хэмжээ, хэрхэн удаан хадгалах, хэзээ, хаана үйлдвэрлэснийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Мөн санамжуудыг байршуулсан байх хэрэгтэй.  
Хөтлөгч: Сүүлийн жилүүдэд хүмүүс эрүүл хүнс хэрэглэхийг хүсдэг болсон байна. Манай улсад органик хүнс гэж ямар ямар бүтээгдэхүүн байна вэ?
Зочин:  Органик хүнсийг хамгийн энгийн үгээр тайлбарлавал хамгийн амархан мууддаг хүнс юм.Монголчууд их сайхан органик бүтэгдэхүүн хийдэг, бэлчээрийн мал аж ахуйтай. Үүнээсээ гарсан шим тэжээлтэй хүнс болох мах, сүү, тараг цагаан идээгээ хэрэглэж байна. Мөн өөрсдийн хөрсөнд ургуулсан тариа будаа, хүнсний ногоог хэрэглэж байна. Тиймээс их давуу талтай.
          Хөтлөгч: Манай Монголчууд бохийг их хэрэглэдэг. Бохийг зохисгүй хэрэглэх нь олон сөрөг талтайг хүн бүр л мэддэг шүү дээ. Гэвч зарим бохины найрлаганд орсон “Е” тэмдэглэгээг бичдэггүй гэж дуулсан?
         Зочин: Яг үнэн. Бохинд 420,414 гэх бодисууд ордог ч ихэвчлэн бохины шошгонд тэмдэглэгддэггүй. Энэ нь тухайн үйлдвэрийн заль гэж боддог. Бохийг зориулалтын дагуу хэрэглэх нь зүйтэй. Бохь нь амны хөндийг цэвэрлэх, амны эвгүй үнэрийг дарах зориулалттай. Энэ дагуу 5-10 минут хэрэглэх нь зүйтэй.
           Хөтлөгч: Генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэснээр хүний  эрүүл мэндэд  ямар хор хохирол учирдаг  вэ?
          Зочин: Нэн тэргүүнд холестринийг үүсгэж, цусны даралтанд нөлөөлж гипертинзийг үүсгэдэг. Хамгийн аюултай нь хорт хавдарыг үүсгэдэг мөн ходоодонд цочрол өгдөг. Хавдар илүү залуужиж байгаа нь идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой.
 Хөтлөгч: Өдөр тутмын хэрэглээний хүнснүүдээс ямар ямар бүтээгдэхүүнд “Е” тэмдэглэгээ, генийн өөрчлөлт их орсон байдаг вэ? Зочин: Ихэвчлэн даршилсан, нөөшилсөн, утсан хүнсний бүтээгдэхүүнд их орсон байдаг. Хийжүүлсэн ундаа, чихэр, чипс зэрэг хүүхдүүдийн идэх дуртай бүтээгдэхүүнд их орсон байдаг. Яагаад гэвэл тээвэрлэх хугацаанд өөрчлөлт оруулахгүйн тулд хэрэглэдэг.
Хөтлөгч: Улс бүр өөрсдийн хориглосон, хориглоогүй “Е” тэмдэгтийн жагсаалт гаргадаг. Манай улсын хувьд ямар “Е” тэмдэгтийг хориглодог юм бол?
Зочин: Манай улсын хувьд хүнсний өргөн хэрэглээний барааны орцонд нарийн судалгаа хийдэггүй. Яагаад гэвэл  хүнсний нэмэлтийн хороо гэж байгууллага байдаггүй. Бусад улсад бол байдаг. Энэ нь “Е” тэмдэглэгээ орсон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргадаг.Тэгэхээр хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг байгууллага юм. Тиймээс манай иргэд “Е” тэмдэглэгээ болон хүнсний нэмэлтийн талаар тодорхой мэдээлэл багатай байна.  
Хөтлөгч: Иргэдэд хүнсний найрлаганд байдаг “Е” тэмдэглэгээний талаар       тодорхой мэдлэг өгөхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
Зочин: Нэн тэргүүнд хүнсний нэмэлтийн хороо гэж байгуулан иргэдэд хүнсний нэмэлтийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхааран органик бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй гэж зөвөлмөөр байна.
/ таслал /
Хөтлөгч: Манай улсад орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний 80% нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг байна. 1990-ээд оноос хойш хоол, хүнснийхээ 80 гаруй хувийг Хятад улсаас импортлон авч байжээ гэж үзвэл 25  жил эрүүл ахуй, чанарын хувьд баталгаагүй хоол, хүнс идсэн байж болзошгүй. Магадгүй энэ байдал дахиад 25 жил үргэлжилбэл Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй ээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь чанарын шаардлага хангахгүй хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байна. Тиймээс гэрийн эзэгтэй, ээжүүд бүгд л гэр бүлийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалагч байдаг тул хамгийн чанартай хүнсийг хэрэглэж, бүтээгдэхүүний найрлагыг уншиж сурах нь юу юунаас илүү чухал болжээ.    
                                                            / таслал /
Хөтлөгч: Эцэст нь нэгэн жишээ дурьдахад Австрал улсад хүнсний бүтээгдэхүүний  шошгон дээр бүх орц, найрлагыг бичдэг хуультай болсноор иргэдийг хүнсээ зөв сонгож авахад нь тусалж мэдлэгт нь нэмэр болсон байна. Үүнтэй нэгэн адил манай улсад ч бас хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах нь ард иргэдээ хамгаалах нэг арга юм.
/Анхааруулах дохио 3 удаа дуугарах/
            Гэвч энгийн ард иргэд биднийг төлөөлөн сууж буй гишүүдээс хүнсний аюулгүй байдал, МОНГОЛ хүний удмын сангийн аюулгүй байдалтай  холбоотой энэ асуудлаар “хуулинд өөрчлөлт оруулах тухай” санал дэвшүүлэх зоригтой эрхэм байна уу?! Энэ асуултыг нийт сонсогчдынхоо өмнөөс шийдвэр гаргадаг эрх бүхий эрхмүүдэд үлдээе...
               Ирээдүй хойч үеэ инээмсэглэл дүүрэн амьдарч байхыг бид хүснэ!
/ хөгжим /
НЭВТ: Эрхэм сонсогч та бүхэн “Ходоод хогийн сав биш” асуудал хөндсөн нэвтрүүлэг  хүлээн авч сонслоо. 


              


              





No comments:

Post a Comment