Tuesday, April 14, 2015

Жаал хүүгийн хүсэл

/Хөгжим хүүхдүүдийн шуугилдах, инээлдэх чимээ/
Нэвт:  ЖААЛ ХҮҮГИЙН ХҮСЭЛ

Хөт: Шаргал нарны туяа халуун илчээрээ нуурын усыг нэгэнтээ бүлээсгэжээ. Нуурын эргийг даган тоглож наадах зон олон тоолж барамгүй их харагдана. Зуны налгар өдрүүдэд энэ газарт гадаад болон дотоодын хүмүүс зай завсаргүй холхилдож, нуурын усыг ямар цэнгэг сайханыг гайхан шагшрах улс цөөнгүй таарна.

/Таслал/
Хөт: Энэ бол Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Хөвсгөл нуур юм. Хөвсгөл нуурын орчимд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувууд, 750 гаруй зүйлийн ургамал цэцэгс ургаж байгалийн үзэсгэлэнг чимнэ. Хөвсгөл нуур 2760 ам километр талбай, 34-36  километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн дэлхийн цэнгэг усны нэг хувийг эзэлдэг нуур юм.
/Усны хоржигноон дуугарах/
Хөт: Гэвч цаг өөр болжээ. Нуурын ус ширгэж, ундны усны хомсдол үүсэж, ургамал цэцэгс үгүйрэн алга болсоор...
/Таслал/
Хөт: Энэ нутагт нэгэн жаал хүү ээжийн хамт  нутгаа сахин үлдсэн байв. Жаал хүү давалгаалан урсдаг байсан голын эрэг дээр очин бодолхийлэх үед ганцаар үлдэн хоцорсон хатаж гандсан багваахай цэцэгтэй таарлаа.
            Цэцэг: Хүү минь чи юуг ингэж их бодолхийлэн зогсов?
            Хүү:  Хөөх, та чинь хэн бэ?
            Цэцэг: Би энэ нутагт үлдсэн сүүлчийн ганц цэцэг байна. Намайг өвгөн цэцэг гэж                дууддаа хүү минь.
            Хүү: Өвгөн цэцэг минь миний ээж энэ газрыг олон жилийн өмнө загас гэх    
                        амьтнаар дүүрэн маш том нуур байсан гэлээ. Гэтэл яагаад одоо элсээр
                        дүүрэн хүрээлэгдсэн тогоон чинээхэн устай болсоныг гайхан харж зогсоо
                        нь энэ билээ.
            Цэцэг: Олоон жилийн өмнө энэ газарт хүүхэд, залуучууд нь хоорондоо усаар
                        цацалдан тоглодог байсан гээд боддоо хүү минь! Харин хөгшид
                        буурлууд нь нуурын эргийг даган алхалж цээж дүүрэн цэвэр агаараар
                        амьсгалж, өвгөн цэцэг над шиг олон сайхан цэцэгсийн анхилуун үнэрийг
                        үнэртэж сэтгэлээ сэргээдэг байж билээ. Тэр цаг хичнээн тайван, амар
                        амгалан  байсан гэж санана.
            Хүү: Тэгээд одоо яагаад ус биш элсээр дүүрэн болчихсон юм бэ? Таньтай адил
                        цэцэгс яагаад байхгүй байгаа юм бэ.
            Цэцэг: Бусад цэцэгс үү! /хэмээн хоолой нь чичирхийлэв/ Хүмүүс та нарын буруу
                        үйлдлээс болж ургамал, моддын амьдрах орчин үгүй болж, цэнгэг ус
                        минь ширгэж алга болсон юм. Энэ үзэгдлийг хүмүүсийн хэлээр
                        “ЦӨЛЖИЛТ” гэж нэрлэдэг.
            Хүү: Үгүй байлгүй дээ өвгөн цэцэг минь...Хүмүүс юу хийчих нь энэ вэ?
            Цэцэг: Хүмүүс байгаль дэлхийгээ хайрлахгүй цаасан мөнгөнд ухаанаа өгч
                        Ой мод болон ургамал цэцэгсийг замбараагүй хэрэглэн ой модоо
                        хайрлалгүй тайрч худалдан, энэ тэндхийн боломжтой газар уул уурхай
                        эрхлэж, усаа хайр гамгүй урсгасан нь хүмүүс та нарын алдаа /алдаа2 /
            Хүү:  Гэхдээ өвгөн цэцэг минь байгаль дэлхий ийм болсон нь дан ганц
                        хүмүүсийн буруу гэж үү?  
             Цэцэг: Цөлжилтөнд нөлөөлдөг хоёр хүчин зүйл байдаг юм даа хүү минь. Нэг нь
                        хүмүүсийн   буруутай үйл ажиллагаа нөгөө нь байгалийн нөлөөлөл юм.
                        Гэхдээ энэ байгалийг ийм байдалд хүргэхэд  хүмүүсийн буруу нөлөөлөл
                        87 хувь, байгалийн нөлөө 13 орчим хувийг эзэлж байгаа нь хүмүүс та
                        нарыг буруутгах шалтгаан болсон юм.
            Хүү: Өвгөн цэцэг минь... /айсан / Одоо бид юу хийвэл болох вэ? Та хэлээд өгөөч
                        дээ. Урд минь байгаа энэ нуурыг бүтэн болгох, бусад ургамал мод                                цэцэгсийг дахин сэргээж, миний харж байгаагүй ч сэтгэлдээ дүрслэн
                        бодсон байгаль дэлхийг хэрхэн сэргээх вэ?
            Цэцэг: /Санаа алдах чимээ/ Нэгэнтээ хожимдсоон хүү минь. Тэртээ 2000-аад онд
                        хүмүүс өөрсдийн үйлдлээ нэг л удаа эргэн харж байгаль дэлхийг хайрлах
                        алхам хийсэн бол Хөвсгөл нуур урсадгаараа урсаж, цэцэг навч
                        дэлгэрдгээрээ дэлгэрч харин хүмүүс та нар инээлдэн сууж байх байсан
                        биз ээ.  Хүү минь чи доош хар даа...
/Хөгжим/
Хөт: Хүү доош хартал дундуураа цуурч, хатаж гандсан газар харагдаж байлаа. Энэ үед хүүд нэгэн бодол төрж өвгөн цэцэгт хандан...
            Хүү: Намайг энд хүлээж байгаарай.
Хөт:  ...гээд гэрийн зүг гүйн одов.
/Хөгжим юм хайж, ухаж байгаа чимээ/
Хөт: Хүү аахилан уухилан түрүүний газартаа ирэхэд өвгөн цэцэг аль хэдийнээ явсан байлаа. Харин жаал хүүгийн гарт цагаан савтай тос байсан юм. Хүүгийн ээж өдөр бүр элсэн дунд явсаар хөлийн арьс нь хатуурч, хууриашсан тул орой бүр тос түрхэдэг байв. Түүнийг харсан хүү хууриашиж хагарсан газарт ээжийнхээ хөлийн тосыг түрхэвэл чийглэг болно гэж бодсон байлаа.
/Хөгжим/
Хөт: Хүү хөвсгөл нуурын зүг харан уйлж зогсон ганцаар үлдлээ...
/Таслал/
Хөт: Эрхэм сонсогч та “Жаал хүүгийн хүсэл” радио зохиомж хүлээн авч сонслоо.


No comments:

Post a Comment