Өвлийн жавартай, хүйтэн өглөө сайн байна уу. Хөшигний
завсараар өглөөний наран тод гийх нь сэтгэл зүрхийг нэг л баясгалантай болгоно. Шинэхэн өглөө бүр
миний амьдралын бас нэгэн шинэ боломж гэж боддог. Тиймээс ч би өглөө бүрийг
инээмсэглэж угтах дуртай.
Өглөө бүр
автобусанд сууж сургуулийн зүг яаран гүйх бүртээ би нэг зүйлийг ажиглана. Энэ
бол хүмүүсийн царай. Өвлийн жиндүүхэн өглөөгүүр хүмүүс ихэвчлэн ийш тийшээ
яаран гүйх нь их. Тиймдээ ч хүмүүс хамаг
арьсаа хамар дээрээ овоолон, уурлаж ундууцана. Гэхдээ бас тайван хүлээцтэй,
инээмсэглэл тодруулан зогсох хүмүүс бас байна аа. Гэвч инээмсэглэн зогсох
хүмүүсээс ууртай, бас ширүүн харьцаатай хүмүүс их байхыг яана... Үүнийгээ хүмүүс “улирлын чанартай асуудал аа”
гэж ярих нь бий.
Оройны 6
цаг болж нар аль хэдийн буцжээ. Өглөөтэй
мөн л адилаар нөгөө л ажиглалтаа хийсээр явна. Гэтэл өглөөний хэдэн
инээмсэглээд явж байсан хүмүүс бусадтайгаа нийлчихсээн бөөн бухимдал болж
орхиж. Гудамаар алхах хүмүүс, автобусанд суусан хүмүүс гээд бүгд л уур уцаар.
Тэдгээр
хүмүүсийн гадаад байдлыг тодорхойлвол яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг НИНЖА
гэсэн үг. Бүгд л малгайгаа нүд хүртэлээ доошлуулж, ороолтоороо хамраа дарж үе
үе хүчтэй ханиалгах нь тийм сэтгэгдэл
төрүүлмээр... Хүмүүс яагаад ингэх болов? Яагаад инээмсэглэлийг уур уцаар даран
дийлчихэв?
Хариулт нь
ердөө энгийн бөгөөд хүнд асуудал болоод
байна. Хүн бүр дахин давтагдашгүй. Гадаад гоо сайхан, хүсэл мөрөөдөл, зорилго
тэмүүлэл бүгд өөр өөр. Гэвч энэ л бөмбөрцөг дотор хамтдаа оршин буй хүмүүс нэг л зүйлийг
хамгийн ихээр хүснэ. Энэ бол цэвэр агаар. Тиймээс л хүмүүс бохир
агаараар амьсгалж байгаадаа уур нь хүрсэн байх нь.
Дэлхийн
гадна талаар хүрээлэн байгаа хийн давхаргыг хүмүүс бид агаар гэж нэрлэдэг. Агаар
мандал нь нарнаас ирэх хэт ягаан туяаг өөртөө шингээж, өдөр шөнийн температурын
ялгааг тогтворжуулдаг. Ингэснээр хүн төрөлхтөн болоод амьд биетүүдийг энэ
ертөнцөд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Гэтэл бид
цээж дүүрэн цэвэр агаараар хэзээ амьсгалсанаа мэдэхгүй гэж хэлэх хүртэлээ
агаарын бохирдолд дарлуулсан гэхэд хилсдэхгүй болжээ. Агаарын бохирдол яаж
үүссэн болохыг хүн бүр л мэддэг. /гэр хороолол, машины утаа, тоосжилт гэх мэт/ Мөн хүмүүс бидэнд ямар хор нөлөө үзүүлж байгааг
бас л мэддэг. /янз бүрийн
өвчлөлүүд, ургын гажиг гэх мэт/ Гэсэн хэдийч бид агаарын бохирдлоос ангижирч чаддаггүй. ЯАГААД?
Учир нь бас
л энгийн бөгөөд ойлгомжтой. Гэхдээ хэцүү асуудал. Монголчууд бид зуны налгар
өдрүүдэд агаарын бохирдол гээчийг ор тас мартан, ёстой л нүүр дүүрэн инээсээр
хүйтны улиралтай золгодог. Тэгээд л өвлийн эхний сар гарч хүмүүсийн инээмсэглэл
аажмаар замхарч нөгөө л НИНЖА буюу УУР УЦААР-ын байдалдаа эргэн шилжсээр олон
жилийг ардаа орхисон.
2013 онд
АНУ-ын байгаль хамгааллын агентлагаас хийсэн судалгаагаар дэлхийн агаарыг
бохирдуулагч гол улсууд нь БНХАУ, АНУ, Европын холбооны улс, Энэтхэг зэрэг
улсуудыг нэрлэсэн байна. Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл,
азотын давхар исэл, озон, тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу исэл зэрэг
үзүүлэлтээр хянадаг. Харин манай улс агаарын бохирдолыг зөвхөн хүхрийн давхар
исэл, азотын давхар исэл хоёроор л хэмжиж байна.
Агаарын
бохирдол бидэнд маш их хор нөлөө үзүүлж
байгаагаас хамгийн аймшигтай нь ургын гажиг билээ. Аливаа улсын баялаг бол хүн.
Улсын баялаг болсон хүн ард нь өвчин эмгэгтэй, ирээдүй хойч үе нь ч гажигтай
байвал тухайн улс мөхөлд ойртож буйн шинж.
Тиймээс
хүмүүс бид ирээдүйд уурлаж биш инээмсэглэж амьдрахын тулд мөн ирээдүйд МОНГОЛ
улсыг энэ дэлхий дээр оршин байлгахын тулд яг одооноос агаарын бохирдолтой
тэмцэх хэрэгтэй биш гэж үү?
Хэдий
өвлийн хүйтэн өдөр байлаа ч хотын гудмаар нинжа биш инээмсэглэл дүүрэн алхаж байгаа хүмүүсийг
харахыг хүснэ...
No comments:
Post a Comment