Wednesday, April 29, 2015

Ээж модны нулимс

Ээжтэй хүүхэд үргэлж жаргалтай инээд баясалаар дүүрэн байдаг. Тэр ч бүү хэл ямар нэг муу зүйл тохиолдоход ээж нар л хүүхдээ хамгаалдаг. Ээжийнхээ өвөрт байгаа үед би юунаас ч айдаггүй. Тиймээс ээж нар бол энэ дэлхийн энх тайван, аз жаргалыг бэлэглэгч юм.
Харин мод ч бас хэн нэгнийг хамгаалж, жаргалтай байлгадаг  ЭЭЖ гэвэл та итгэх үү? 
Зарим амьтад бүхий л амьдралынхаа турш ганцхан модонд итгэж найдан амьдардаг. Тухайлбал хэрэм, илбэнх, зарим төрлийн шавж, шувуу зэрэг нь модон дотор үүрээ засаж, үр төлөө өсгөн бүх амьдралаа өнгөрүүлдэг юм. Мод тэднийг өөрийн жимс, самар, холтос, үндэс зэргээрээ хооллож, гадны халдлага дайснууд, цаг агаарын таагүй байдлаас үргэлж хамгаалдаг. Тиймээс л МОД-ыг бүх байгаль дэлхийн ЭЭЖ хэмээн нэрлэдэг.

Мэдээж мод ч бас амьд зүйл. Тэд яг л бидэн шиг зовж, баярлаж, хооллож, амьсгалдаг. Харин гэмтээвэл маш ихээр уйлдаг гэвэл та үнэмших үү?
Зун цагийн өглөө бүр  шувуудын дуунаар гүн нойрноосоо сэрдэг билээ. 9 давхар байшингийн 7 давхар хүртэл өндөр сүрлэг том модон дотор шувууд үүрээ засаж их л жаргалтай  байгаа харагддагсан. Гэтэл нэгэн өглөө шувууд дуугарсангүй. Харин хаа нэгтээ юм хөрөөдөж байгаа мэт чимээ гарах нь тэр. Ингээд цонхоороо хартал нөгөө л модны дайсан болох хүмүүс байх нь харагдсан юм. Хүмүүсийн юу хийж байгааг ажиглавал хөөрхий шувуудын үүрээ зассан мөчрийг нэг нэгээр нь хөхрөлдөн инээлдсээр тастаж орхив. Энэ мөчид  бидэнд цэвэр агаар бэлэглэхийн тулд жилийн дөрвөн улирал амралтгүй ажилладаг мод түүнийг уйлж байгааг харлаа. Түүний эх биеэс тасран унах мөчир бүр түүний нулимс байсан юм.
Мод хүний хэлээр ярьдаг бол хүн төрөлхтөний нүгэлийн тухай ихийг өгүүлэх биз. Модны эхний дайсан бол хорхой шавж, салхи шуурга,  харин удаах дайсан бол хүмүүс.
Дэлхий дээр 100 мянган зүйлийн мод, бут байдаг. Дэлхийн ойн нөөцийн 53% нь Бразил, Хятад, Канад, ОХУ, АНУ зэрэг улсуудад бий.  Харин Монгол Улсын ойн сан 140 гаруй мод сөөгөөс бүрддэг. Гэтэл сүүлийн таван жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байна. Үүний 90% нь хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас хамаарч байгаа нь харамсалтай.
Зулзаган мод хөгшин мод болох хүртэлээ хүмүүс бидэнд юу хийж үлдээдэг вэ? Нэг модыг 50 жилийн настай гэж үзвэл бүх л амьдралынхаа турш 38 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх хүчил төрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлж, 45 саяар үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, мөн үнэтэй тэнцэх хэмжээний мөнгөөр хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байгааг судлаачид тогтоосон байна.

Ой мод нь хуурай газрын бүх амьтан ургамлын 80 хувийн амьдрах орчныг бүрдүүлдэг. Гэтэл хүмүүс бид  эх дэлхийн ээж болсон М  ОД-оо хайр найргүй устгаж түүний нулимсыг үзэх хэрэгтэй  гэж үү? Бодоцгооё...     

No comments:

Post a Comment