Wednesday, April 29, 2015

Сонголт бол хүн чанарын эхлэл

Өнөөдөр хэн ч намайг харсан насанд хүрсэн эмэгтэй л гэж харна. Гэхдээ би хаан аав, хатан ээжийн хайран дундаас ургасан бяцхан улаан сарнай. Та ч мөн адил. Ямар ч хүн цусаар бус зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог гэдэгт би итгэдэг. Гэвч энэ нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс дан ганц хайрандаа захирагдахаа больсон мэт. Хаа сайгүй ашиг хонжоо, мөнгө, сэтгэл зүрхгүй хоосон биес.

Хүний хайран дээрээс л хүн бий болдог. Өмнөх зуунд магадгүй хэдхэн арван жилийн өмнө ийм байсан байх. Харин одоо бол үгүй. Өдөр бүр л аймшигтай мэдээ. Хүүхдээ хаясан, зодсон, тарчлаасан, үр зулбуулсан гэх хүмүүсийн яриа.. Эцэг эхийн хайрыг мэдрэхээр энэ ертөнцөд хүн болохоор заяагдсан бяцхан үрс юунд буруутай гэж... Энэ бол буруу сонголтоос үйдэлтэй хүн чанаргүй үйлдэл.
Хүний амьдралд олон сонголт байдаг ч сонгож болохгүй хоёр сонголт бий. Энэ бол эх орон, эцэг эх. Харин алдаж болохгүй сонголт бол хань ижил юм. Ирээдүйн ханиа зөв сонгосон үед амьдралын зорилготой болно. Зорилго нь хүний оюун ухааныг ямагт жаргал цэнгэл рүү чиглүүлдэг. Тэр нь бүр хүний зовлон шаналал, саад бэрхшээл, дарамт гачигдлыг ч хөнгөвчилж чадна. Төрөхөөр хэвтэж буй эмэгтэй хэдий их өвдсөн ч нялх үрээ өлгийдөн авахын тулд тэр өвчин шаналалыг үл тоодог шүү дээ. Учир нь хүүхэдтэй болох нь тэр эмэгтэйн зорилго юм.

Хүн чанар бол сэтгэлийн боловсролын нэг хэсэг. Хүний сэтгэлийн хамгийн гол хэрэгцээ бол амьдралынхаа утга учрыг мэдрэх. Тиймээс хүн чанаргүй үйлдэл хийж алаг үрсдээ хамаг буруугаа үүрүүлэхгүйн  төлөө  сэтгэлийн боловсролоо дээшлүүлж сонголтоо зөв хийцгээе.

No comments:

Post a Comment