Tuesday, April 14, 2015

Цонхны цаана нуугдах нулимс

Өглөөний найман цаг. Эцэг эхийнхээ гараас хөтлөн цэцэрлэгийн хашааруу гүйн орох хүүхдүүдийн цуваа тасралтгүй үргэлжилсээр. Харин түгжээтэй хаалганы цаана уйлж зогсоо бяцхан үрс манай улсад мянга мянгаараа бий. Яагаад тэр вэ? Хариулт нь маш энгийн ЦЭЦЭРЛЭГ БА БАГШ.
Сүүлийн жилүүдэд манай улсад төрөлтийн тоо эрс өсч 2013 -  2014 онд 80 мянга орчим иргэн шинээр мэндэлсэн. Энэ онд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны  240 мянга гаруй хүүхэд байна. Үүнээс 193 мянга орчим хүүхэд улсын, хувийн,  тусгай, асрамжийн, гэр цэцэрлэгт хамрагдаж чадсан юм. Харин 50 мянга гаруй хүүхэд  амьжиргааны түвшин, шилжилт хөдөлгөөний улмаас бүртгэгдэж чадаагүй байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд  гэмтэж бэртэх, санамсаргүй байдлаар гал тавих, ус алдах гэх мэт үйлдлээс болж гэмтэл авах, амь насаа алдахад хүрдэг. Тэгвэл 2013 онд НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар жилд 95 буюу сард дунджаар 15 хүүхэд энддэг гэсэн баримт бий.
Гэтэл бяцхан үрсээ цэцэрлэгт ч явуулж чадахгүй байгаа нь бидний бодит байдал. Бид үүнтэй эвлэрэх ёстой юм гэж үү?
2013-2014 оны  хичээлийн жилд  Монгол Улсын хэмжээнд  сургуулийн өмнөх боловсролын 1067 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 437 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байнаҮүнээс 187 нь төрийн өмчийн, 250 нь хувийн өмчийн цэцэрлэг юм. СӨБ-д хамрагдвал зохих 2-5 насны нийт хүүхдийн ердөө 70 хувь нь  хамрагдаж чадсан байна.
Баянзүрх дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад  хүн ам, газар нутгаараа том  болоод ч тэр үү цэцэрлэг, багшийн тоогоороо илүү. Тус дүүрэгт нийт 105 цэцэрлэг, 14967 хүүхэд, 493 үндсэн багшийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс   баянзүрх дүүргийн 168 дугаар  цэцэрлэгийн арга зүйч багш Ууганбаяраас цөөн асуултанд хариулт авлаа. 
-Та цэцэрлэгийнхээ талаар танилцуулахгүй юу?
           -Манай цэцэрлэг баянзүрх дүүргийн 168 дугаар цэцэрлэг. 2011 онд анх гурван бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Цэцэрлэг маань 75 хүүхдийн хүчин чадалтай. 2012 онд нэг бүлэг  нэмээд дөрвөн бүлэг 100 хүүхдийн  хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай цэцэрлэг  харьяалалдаа байдаг цэцэрлэгийн  насны  бүх хүүхдийг хамруулж чадаж байна уу?
-Манай хамран сургах тойрог 19, 24 дүгээр хорооны 2-5 настай хүүхдүүдийг СӨБ-д  эзэмшүүлдэг. Мэдээж  бүрэн 100 хувь  хамруулж чаддаггүй. Манайд хамран сургах тойргийн 2009 хүүхэд байдаг. Үүнээс дөнгөж 200 хүүхдийг  хамруулж байна. Энэ нь дөнгөж 10 хувийг хамруулж байна гэсэн үг.
-Та хүүхдүүдтэй ажилладаг хүн. Таны бодлоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийг  СӨБ-д бүрэн хамруулахын тулд улсаас ямар ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж үздэг вэ?
- Мэдээж хамгийн түрүүнд цэцэрлэг барих. Манай хороо хамгийн их оршин суугч, хүүхэдтэй, ганцхан цэцэрлэгтэй. Тиймээс цэцэрлэг л их бариасай гэж бодож байна. Мөн олон бүлэгтэй байх хэрэгтэй.
-Танай цэцэрлэг хэдэн багштай вэ?
-Дөрвөн  бүлгийн багш, дөрвөн туслах  багш, нэг хөгжмийн багш нийт 9 багштай үйл ажиллагаагаа явуулж байна.
-Тэгэхээр нэг багшид ноогдох хүүхдийн тоо стандарт тооноосоо давцан байна л даа. Тиймээс багш нарт нэмэлт цалин өгдөг үү?
-Багш нарын ачаалал нэг дахин илүү байгаа. Тэглээ гээд хүүхэд ихтэй гээд манай багш нар үйл ажиллагаагаа тасалдуулаагүй хэвийн явуулдаг. Гэхдээ улсаас ерөөсөө хүүхэд олонтой гээд нэмэгдэл цалин хөлс байхгүй. Үндсэн цалингаа авна, үндсэн багш нар илүү цагаа авна, унааны мөнгө авдаг. Өөр нэмэгдэл юм байхгүй гэв.  
 Багшийн мэргэжил гэдэг бол хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд тасралтгүй  нэвтрэн орох, хүн судлалын мэргэжил гэж В.А. Сухомлевский хэлсэн байдаг. СӨБ-ын үйлчилгээнд дутагдаж байгаа зүйлийн нэг бол цэцэрлэгийн багш юм. 2008-2014 оны хооронд цэцэрлэгийн үндсэн багшийн тоо 1780-2450 болон өсчээ. Гэсэн ч цэцэрлэгийн нэг багшид олон тооны хүүхэд ноогддог хэвээр. Гэтэл багш мэргэжлээр төгсгөдөг төрийн өмчийн ганцхан сургууль бий. Багш нарын тоог нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн сургуулийн тоог нэмэх , багш мэргэжлийн  давуу талыг олон нийтэд таниулах, багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хэрэгтэй биш гэж үү?
 Эцэг эхийн хайраас ургасан энхрий үрс та нарыгаа цэцэг гэж нэрлэе. Нарны цацраг дэлхийн өнцөг булан бүрийг гэрэлтүүлдэг шиг анхилуун үнэрт цэцэгс хүн бүрийн сэтгэлийн утсыг хөнддөг юм. Уужим энэ ертөнцөд гагцхүү жаргах гэж л ургасан. Гэвч... энэ дэлхийн хаа нэг цонхны  цаана услуулж чадалгүй харин уйлж зогсоо юм биш биз... Сайн муу ээлжилсэн харгис ч гэж болмоор, гайхамшигтай ч гэж хэлмээр энэ ертөнцөд жаргал бэлэглэхээр ирсэн цэцэгс бүхэн жаргах ёстой.
Жилд дунджаар хүүхдийн цэцэрлэг байгуулах 50 орчим тусгай зөвшөөрөл ирдэг. Тэгвэл “цэцэрлэгийн тоо нэмэгдэж л байна шүү дээ” гэж уншигч та бодож байна уу?  Ийнхүү бодож суугаа бол харамсалтай гэж хэлмээр.  Учир нь хувийн цэцэрлэгийн тоо нэмэгдсэн ч түүнд хүүхдээ явуулах боломжтой эцэг эх хангалттай биш шүү дээ. 

            Тиймээс уншигч  та, би, бид бүгдээрээ хамтын хүчээр юу хийж болох вэ? БОДОЦГООЁ... 

No comments:

Post a Comment