Tuesday, April 14, 2015

Нэг хүний хов сонсож байхаар нэг нүүр сонин унш

Хот амьд байгаагийн шинж бол сонин, сэтгүүлийн мухлаг. Эвхдэг орноос, төмөр ширээ, сонингийн түц зэрэг олон газарт шантралгүйгээр зөвхөн сонин сэтгүүлд хайртай сэтгэлээрээ өөрийгөө хурцалж яваа цөөн хүний нэг бол  Цэрэнхүү эгч юм. Тиймээс энэ удаагийн “Хүмүүс” булангийнхаа зочиноор сонинд хайртай, сонингийн нүүр бүрт өөрийн амьдралаа өнгө өнгийн харандаагаар  зурж яваа түүнтэй ийнхүү яриа дэлгэсэн юм.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
н.Цэрэнхүү эгч
-Би Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын хүн. Хотод 1964 онд орж ирсэн.    Намайг Цэрэнхүү гэдэг. Чингэлтэй дүүргийн хүнсний нэгийн энд сонин зардаг. Манайх бэлхэд гэр хороололд байдаг. Бэлхийин эцэс дээр буугаад цаашаа гурван мянган төгрөгийн унаанд суудаг. Долоо хоногт таван шуудай нүүрс, нэг шуудай мод түлдэг. Зарим үед гэртээ харьдаггүй хотод охиныдоо хонодог. Унааныхаа мөнгийг хэмнэж байж л орлогоо хүргэдэг дээ. Ихэвчлэн долоо хоногийн хагас, бүтэнсайнд  гэртээ харьдаг. 
            
-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
- Би таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Одоо нэг хүүтэйгээ хамт амьдардаг.
-Урьд нь ямар ажил хийдэг байсан бэ?
-Улсын хэвлэлийн комбинатад ажиллаж байгаад 1989 онд тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш одоог хүртэл 26 жил тасралтгүй сонин зарж байна. Манай гэр бүлийн хүн ч бас хэвлэлийн газар ажилладаг байлаа.
-Хэвлэлийн газар ямар ажил хийдэг байв?
-Сонингийн газар хүлээн авагч хийдэг байсан. Сонин бэлэн болоод гармагц боож бэлэн болгоод шууданд хүлээлгэн өгдөг байв. Үүний өмнө  хатуу хавтастай номын сурах бичиг хийх явцын сүүлийн дамжлага дээр ажилладаг байсан.  
-Сонин, сэтгүүл худалдан авч байгаа хүмүүс хэр их байна вэ. Худалдан авах чадварын хувьд ямар байна гэж бодож байна?
-Анхныхтай харьцуулахад эрс муудсан. Хүмүүс цалин, орлого бага байгаатай л холбоотой байх. Орчин үед хүмүүс ихэвчлэн интернэтээр л мэдээ, мэдээллээ авч байх шиг байна. Өмнө нь өдөртөө 10 сонин зардаг байсан бол одоо дөрөв, таван сонин л зарж байна. Үндэсний мэдээ сонины хувьд  анх 10 гаруйг захиалж дөрөв, тавыг нь зардаг байсан.
-Сонин, сэтгүүл зардаг цэгүүдийг багасгах асуудал яригдаж байна. Энэ талаар таны бодол?
- Энэ талаар сонссон маш их гомдолтой байна. Өмнө нь ялалтын дөрвөн замын уулзвар одоогийн хаан банкны урд суудаг байлаа. Тэнд 1989 оны 11 сард тэтгэвэрт гарсаны дараагаас л эхлэн 25 жил  сонин борлуулсан. Гэтэл Анкара гудамжны тохижилт хийх нэрийдлээр өнгөрсөн 11 сард миний түцийг ачина гэж хүн ирсэн. “Амьд хүн зүгээр сууж байгаад ажлын байраа ачуулдаг гэж юу байхав” гэж хэлээд эсэргүүцсэн юм. Гэтэл маргааш өглөө нь сонингоо аваад иртэл түцийг минь ачаад явсан байсан. Тэгээд л одоо тав дугаар сургуулийн автобусны буудал дээр сууж байна.
-Энд газар авах гэж их л зүйл болсон байх. Энэ талаар ярихгүй юу?
- Энэ бол Монгол ньюсд  сарын түрээс төлж суудаг түц. Өмнөх түцээ ачуулсаныхаа дараа Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн хурлын дарга Цэрэнпилтэй уулзсан юм. Гэтэл “нэг хороонд ганцхан ширхэг сонингийн түц яагаад байж болохгүй гэж, бид өөрсдөө сонингоо захиалж уншдаг, тиймээс таны цэгийг буулгамааргүй байна” гэж хэлээд дүүрэг, Монгол ньюсруу ярьж өгсөн. Тэгээд л Монгол ньюс цэг загаад өгвөл түц тавиад өгч болно гэж хэлсэн.
- Байршилаа сольсоноор таньд ямар өөрчлөлтүүд гарав?
- Хуучин байсан цэг дээр хөдөлгөөн ихтэй учраас орлого сайтай байсан. Гэтэл энд хөл хөдөлгөөн муутай тул орлого эрс муудсан. Мөн олон жил сонин захиалдаг байсан хүмүүсээ алдсан. Жишээ нь: Өнөөдөр сонин найман захиалга авдаг байсан бол одоо байхгүй гэх мэтчилэн захиалга хүртэл эрс муудсан.
-Сард түрээс төлдөг гэж ярьсан хэдэн төгрөг төлдөг вэ?
Сард 60 мянган төгрөг Монгол ньюсд төлдөг. Байрлалаа өөрчилсөнөөс хойш 11, 12, 1 сарын түрээсээ төлж чадаагүй л байна. Монгол ньюсийн түцийг анх 200 ширхэгийг тавьж байсан. Харин одоо байгаа нь 10 гаруй түц л байдаг. Одоо энэ хоёр сард миний түцийг ч бас буулгах байх. Гурван сарын түрээс төлөөгүй тохиолдолд түцийг ачдаг. Сонингийн орлого байрлаж байгаа цэгээсээ их хамаарах юм.
-Та олон жил хэвлэлийн газар ажилласан хүний хувьд одоо хэвлэгдэж байгаа сонингийн агуулгын талаар юу гэж боддог вэ?
- Өдөр тутмын сонингоос гурван сонин уншхад л бүх сонинг уншсантай тэнцэж байгаа. Ер нь сонингийн эхний нүүр, сүүлийн нүүр хоёрыг уншхад л болж байна. Нэг сонингийн нүүрэн дээр гарсан зүйл нөгөө сонингийн ард талын нүүрэн дээр гарах жишээний л байна шүү дээ. Дандаа л шар мэдээ, хов жив давхардсан мэдээлэл гарч байна. Үнэн зөв мэдээлэлтэй, сонингийн газрын ажилчид нь өөрсдөө гардан хийдэг сонин манайд ердөө алга. Харин хов жив бичдэггүй сонин гэвэл “Хөх толбо”-ыг л нэрлэмээр байна. Гэхдээ сайн ч бай муу ч бай би сониндоо маш их хайртай. Миний бүхий л амьдралтай холбоотой. Би сонин унших их дуртай. Гэтэл орчин үед сонин унших гэхээр л шар мэдээ, хов жив байх болж.
-Сонингийн алдаа их байгаа ажиглагддаг. Энэ талаар юу гэж бодож байна. Таныг хэвлэлийн газар ажиллаж байх үед ямар байсан бэ?
-Алдаа бол ёстой тоймгүй. Сонины үйлдвэрт байхад гарсан алдаа санаанаас огт гардаггүй юм. “Ань” гэдэг үгний “ь, н” хоёр үсгийг хаяж хэвлэчихээд бүтэн сарын цалингаа хасуулж байсан. Худалдаанд гарсан сонинг хувиасаа төлөөд, ахиад нөгөө сонингоо ажлын бус цагаар хийдэг байсан. Хэвлэлийн  бүхий л зардалыг хувиасаа төлдөг байсан. Их хатуу байжээ. Гэтэл одоо үг үсгийн алдаа битгий хэл буруу харуулаад хүртэл хэвлэчихсэн л байдаг. Анх их алдаа хардаг байсан одоо бол тоохоо больсон. Толгой нь л бүтэн юм байна гэж бодох болсон шүү.  
-Сонинд танин мэдэхүйн мэдээ, мэдээлэл оруулах нь хэр тохиромжтой бол?
-Зүгээр шүү дээ. Хүмүүсд юу хэрэгтэй байгааг мэдэрч хүнд хэрэгтэй зүйлийг л бичих хэрэгтэй. Сонин хэр их хэмжээний хэрэгтэй зүйл бичиж байна тэр хэмжээгээрээ сонины нэр хүнд өснө. Харин нэг унасан нэр төр дахин сэргэхэд их хэцүү. Сонингууд нэгнийхээ бичсэн зүйлийг их хуулах юм. Ингэснээр нэр хүндээ ч алдаж, худалдан авагчаа ч алдаж байна.
-Сүүлийн жилүүдэд интернэт, телевизорыг их ашиглах болж. Тиймээс сонингийн худалдаа бага байгаа болов уу?
-Тийм шүү. Интернэттэй хүмүүс нь түүнээсээ мэдээллээ аваад, үнэхээр шаардлагатай гэсэн нь л сонин худалдан авч байна. Харин ямар нэг хуулбаргүй биеэ дааж явж байгаа нь “Зар мэдээ” л байна. Би олон жил сонин зарж байна. Гэтэл сонингийнхон биднийг борлуулагч гэхээсээ илүү “биднээс царай алдаж л зарж байгаа” гэж хэлдэг хүн ч байсан. Би уйлаад “аяга цай оочуулж чаддаг биш дээ” ч гэж хэлж байсан удаа бий. Гэтэл хоёр зарийнхан биднийг хайрлаж, хүндэлдэг. Борлуулагч биднийг хавартаа салхинд гаргаж, намартаа тэмцээн уралдаан зохион байгуулж шагнана. Энэ нь бидэнд маш их урам хайрладаг. Мөн “зар мэдээ” ашиг сайтай, нэг зараас 300 төгрөг, харин нэг сонингоос 100 төгрөг л хардаг. Бид бага гэж боддоггүй. Сонин зарж чадах л юм бол ашигтай. Саятан болно гэж хэзээ ч хэлэхгүй, харин хоосон бол хонохгүй ээ.
-Цаашид сонин, сэтгүүлийг хөгжүүлье, хүнд хүргэе гэвэл юунд анхаарах шаардлагатай вэ?
-Борлуулагчаа дээш нь татах хэрэгтэй. Ингэснээр сонин хангалттай хэмжээнд зарагдаж чадна. Нэг түц буулгаснаар нэг борлуулагч байхгүй болно. Энэ чинь сонин, сэтгүүлийн салбар завсардана гэсэн үг. Уг нь сонин борлуулагч их байсан одоо багассаар л байна. Зарим нь аргагүй эрхэнд гадаа, дэлгүүрийн аль нэг буланд л зогсож байна. Сонин зарж байгаа хүмүүс ихэнхи нь хөгшин настай хүмүүс байдаг. Тэд чинь хүйтэн нойтонд гадаа зогсох хэцүү. Тиймээс л сонингийн газрууд борлуулагчаа татах хэрэгтэй. Би олон сонингийн газар түц байгуулаад өгөөч гэж хандсан. Үнэндээ төсөв мөнгө, байрлах цэг гэх мэт олон асуудал байна гэдэг. Хамгийн олон жил сонин зарж байгаа хүн би, тэнгисийн буудал дээр байдаг  өвгөн байна.
- Нэг үе залуучуудыг ном, сонин уншихгүй байна гэж их шүүмжилдэг байсан. Одоо буцаад сэргэсэн юм шиг санагддаг?
-Тийм ээ. Би ч бас ач, зээ нартаа  ном, сонин уншуулахыг хичээдэг. Нэг хүний хов сонссоноос сонины нэг нүүр уншсан нь дээр гэж хүүхдүүддээ захьдаг. Мөн хүүхдүүддээ ихэвчлэн өгүүллэг, тууж уншуулахыг оролддог. Компьютер үзэхийн оронд ном уншиж байхыг зөвлөдөг дөө.
                                                                                                                    Ярилцсан: Ө.Бүжинлхам

No comments:

Post a Comment